ЭКО-СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨР

1992 оны Риогийн НҮБ-ын хүрээлэн буй орчин ба хөгжлийн талаарх чуулга уулзалтаас гарсан санал, санаачлагыг хэрэгжүүлэх зорилгоор Европын зөвлөлийн дэмжлэгтэйгээр Эко сургууль олон улсын хөтөлбөрийг ДБОБСан боловсруулж, 1994 оноос Дани, Герман, Грек, Их Британид тус хөтөлбөрийг туршин нэвтрүүлсэн түүхтэй.

Тус хөтөлбөр нь Тогвтортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэх шилдэг арга зам болохыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕСКО болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилт тавин хамтран ажиллаж байгаа бөгөөд Эко-сургууль хөтөлбөр Дэлхийн 60 гаруй улс орныг хамарсан, 15 сая сурагч, 1 саяас их багш ажилчид, 45000 сургууль, 8000 гаруй орон нутгийн удирдлага, түншлэлийг оролцуулсан томоохон хөдөлгөөн болж өрнөөд байна.

Эко-сургууль хөтөлбөр нь Хүрээлэн буй орчны удирдлагын ISO 14001 стандартад үндэслэн боловсруулагдсан тул тус хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба дэлхий нийтийн тогвортой хөгжлийн 17 зорилтуудыг сургалтын агуулга, арга зүйд багтаасан байдаг.

Тус хөтөлбөр нь Ус, Эрчим хүч, Хог хаягдал, Биологийн олон янз байдал, Ой, Сургуулийн орчин, Уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн иргэншил, Эрүүл аюулгүй байдал-Хоол хүнс, Зам тээвэр, Хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэвдүүдээр дамжуулан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн тухай мэдлэгийг сургууль, цэцэрлэг, орон нутгийн иргэдэд танхимын болон танхимын бус хэлбэрээр  хүргэдэг.

Сургуулийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилт, түүний ахиц дэвшлийн батламж болсон  Ногоон туг нь олон улсад танигдсан эко-сургуулийн билэг тэмдэг бөгөөд тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчинд онцгой хувь нэмэр оруулсан сургууль гэдгийг илэрхийлсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий шагнал юм.

Ногоон тугийг ДБОБС-аас гаргасан үндсэн шалгуурын дагуу тухайн улс орон дахь үндэсний оператор байгууллага ЭСХ-ийг амжилттай хэрэгжүүлсэн сургуульд олгодог байна.

ДБОБС-ын олон улсын Эко-сургууль хөтөлбөрт ямар ч шатны боловсролын байгууллага өөрийн хүсэлтээр хамрагдах бүрэн боломжтой бөгөөд зөвхөн ДБОБС-гийн гишүүн байгууллагууд буюу Үндэсний операторуудаар дамжуулан үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлдэг.

Оператор байгууллага нь ДБОБС-г төлөөлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшний удирдлагаар хангаж, хөтөлбөртэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлдэг байна.

Түүнчлэн ДБОБС болон гишүүн орнуудын хөтөлбөр, түүнтэй холбоотойгоор боловсруулагдсан бүхий л төрлийн материал зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг бөгөөд бүхэлд нь буюу хэсэгчлэн, мөн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглодог байна.

Монгол Улсын бодлого, баримт бичигт

  • Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2016-2030” https://www.legalinfo.mn/annex/?lawid=11886
  •  
  • 5.1.4-т “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх”
  • 5.2-т “Байгаль орчны удирдлагын MNS ISO 14000 багц стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй зөв дадлыг бий болгох”
  • “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөр https://www.legalinfo.mn/annex/details/8620?lawid=13595
  • 4.3. “Олон улсын Эко сургууль хөтөлбөрт хамрагдах сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын тоог 2017 онд 255, 2020 онд 350, 2022 онд 450-д хүргэсэн байна”


ХӨТӨЛБӨРИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ДАВУУ ТАЛ

ЭСХ-ийг хэрэгжүүлснээр сургууль болон сурагчдын хувьд дараах давуу талыг бий болгож байна.

Сурагчдын давуу тал:

Эко-Сургууль хөтөлбөр нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд зөв, тогтвортой дэлхийг бий болгоход хүүхэд залуучуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх тэдэнд урам зориг, эрх мэдлийг олгодог:

  • Орон нутагтаа өөрчлөлт хийх удирдагчдыг бэлтгэдэг
  • Ирээдүйд шийдвэр гаргах эрх мэдэлд суралцуулдаг
  • Анги, танхимаас гадуур суралцах боломжийг өргөжүүлдэг
  • Аливаад хариуцлагатай, зөв хандлагатай болж төлөвшихөд тусалдаг
  • Итгэл, урам зоригийг нэмэгдүүлдэг
  • Хүрээлэн буй орчны үйл ажиллагаан дахь сурагчдын оролцоо ихэсдэг
  • Бүхий л талаар ур чадвар, мэдлэгийг сайжруулах, ялангуяа багаар ажиллах чадвартай болдог
  • Суралцагчдын сэтгэл ханамжийн болон биеийн эрүүл мэнд сайжирдаг\

Сургуулийн давуу тал:

Тогтвортой хөгжлийн боловсролын төлөө ажилладаг сургууль өөрөө амжилттай байдаг нь судалгаагаар нотлогдож байна. ЭСХ нь тогтвортой хөгжлийг сургуулийн нэг хэсэг болгоход туслах орчин болж өгдөг. Ингэснээр:

  • Сургуулийн байгаль орчинд нөлөөлөх байдал эрс сайжирдаг
  • Орон нутгийн байгууллага, сургууль, иргэдийн оролцоо нэмэгддэг
  • Эдийн засгийн хэмнэлт гардаг 
  • Олон улсын харилцаа сайжирдаг
  • Сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн зарчмыг тусгадаг
  • Байгууллагын үнэ цэнэ, ёс суртахуун нэмэгддэг (бусдыг ойлгох, хайрлах, хамтрах, туслах, бүтээлч байдал)
  • Багш, сурагчдын сэтгэл ханамж өсдөг
  • Ажилчид, сурагчдын дунд сургуулиараа бахархах сэтгэл нэмэгдэнэ.

Ямар ч сургууль, цэцэрлэг эко-сургууль хөтөлбөрт нэгдэж болох бөгөөд та бүхэнд өөрчлөлт хийхэд тус хөтөлбөр ач тусаа өгөх болно

ДЭЛГЭРЭНГҮЙ https://www.ecoschools.global/